УИХ-ын даргын чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох эшлэлүүд

 

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна.

– Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой, жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь, 10 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ 1 их наяд орчим төгрөгөөр буурна.

-Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ.

-Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш арван долоон жилийн турш “энэ ордын өгөөжийг монгол хүн бүр хэзээ хүртэх вэ” гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн. Үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд  Монголчууд Оюу толгойн ордоос анх удаагаа ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ.

 

-Энэ намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал байна. Ингэж байж ипотекийн зээл тойрсон авлигыг арилгаж, иргэдийнхээ цөхрөлийг эцэс болгож чадна.

-Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.

-Эрчим хүчний хангамж, аюулгүй байдал бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь нь бөгөөд айл өрх бүр, аж ахуйн нэгж болгон, сум суурин газрууд эрчим хүчний тархмал үүсгүүрүүдтэй болсон цагт эрчим хүчний хараат бус байдал бодит болно.

-Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя

-Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted