“Хотын иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай байхад өвөлжилтийн бэлтгэл чиглэнэ”
-
0 сэтгэгдэл
-
13

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийслэл 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг урьдчилан бэлтгэж, өнөөдрийн байдлаар 573 төсөл, арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Улаанбаатар хотын иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай, цахилгаан, дулаанаар тасрахгүй, нийтийн тээврийг удаан хүлээхгүй, агаарын чанарыг сайжруулахад өвөлжилтийн бэлтгэл чиглэж байна.
Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэн. Энэ галлагааны улирлаар 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг, сайжруулсан түлшийг 446 цэгээр жигд, хүртээмжтэй борлуулна. Түлшний түгээлтэд онцгойлон анхаарч байна. Энэ жил 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ. Найман зуухыг хий рүү шилжүүлэх ажлын үр дүнд агаарын бохирдол 5.6 хувиар буурах судалгаа гарсан.
Улаанбаатар хотод дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуурга 105-117 хувийн ачаалалтай байгаа.
Нийт шугам сүлжээний 60 хувийн насжилт хэтэрсэн учраас газар доорх шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж, 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна.
Энэ онд нийт 111 км шинэ зам тавьж, 31 км замыг засаж, 70 гаруй км дугуйн замыг барилаа. Ирэх онд 330 орчим км дугуйн замын сүлжээтэй болох бодлого барьж байна.
Хүүхэд, залуус, ахмадуудыг нийтийн тээвэр удаан хүлээлгэхгүй байхад анхаарна. Нийт 1300 нийтийн тээвэр бэлэн байдалтай, 450 тонн түлш буюу есөн хоногийн шатахууны нөөцтэй байна. Тухайн автобус хэзээ ирэх хуваарьтай дэлгэцийг автобусны буудлуудад байрлуулахаар төлөвлөж байна. Давс, бодисын нөөц 90 гаруй хувьтай бүрдсэн” гэдгийг онцоллоо