
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс өнөөдөр /2026.09.17/-ийн 10:30 цагийн байдлаар нийт гурван ой, хээрийн түймрийн дуудлага мэдээллийн дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал, Оросын холбооны улсын нутаг Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026.09.08-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 37 алба хаагч ажиллаж байна.
Түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя. Ингэхийн тулд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.