Фото сурвалжилга: Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургууль
-
0 comments
-
9
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Байлдааны буудлага, сургуулийн хаалтын ажиллагаанд иргэд өргөнөөр оролцож, цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэж буй байдлыг бахдаж байлаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарын зэрэг БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, аймаг орон нутгийн удирдлагууд, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлалыг төлөөлөн хошууч генерал Д.В.Горбатенко, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин нарын албаныхан оролцсон юм.
Сургуулийн нэгдсэн байлдааны буудлагыг өмнөх жилүүдээс шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсаны зэрэгцээ “Сэлэнгэ” мөрнийг түшиглэн усан саадыг байлдаантайгаар гатлах ажиллагааг хамтран явуулснаараа онцлог байлаа.
Амжилттай явагдаж өндөрлөсөн тус сургууль нь энэ жил 18 дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн хошууч генерал В.А.Белявский нар сургуулийг удирдсан юм.
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулиас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.